Хүүхэд бүрд өөрийн сонирхлоо хөгжүүлэх, амрах, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх хэрэгцээ байдаг бөгөөд эцэг эхийн тусламжтайгаар өөрийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлснээр бие махбод болон сэтгэл санааны хувьд эрүүл өсөх нөхцөл бүрддэг.
Хүүхэд дүрэм журамгүйгээр чөлөөт цаг өнгөрөөснөөр тэдний нийгэм, сэтгэлзүйн болон танин мэдэхүйн хөгжилд эергээр нөлөөлдөг байна.
Хүүхдүүд өөрийн чөлөөт цагаа ганцаараа бие дааж, найзуудтайгаа эсвэл гэр бүлтэйгээ чөлөөт цагаа зөв өнгөрүүлснээр хүүхдүүдэд дараах чадварууд сууж байдаг:
· Бусадтай харилцах, багаар ажиллах
· Төсөөлөн бодох, шинээр сэтгэх
· Маргааныг шийдвэрлэх
· Сонголт гаргах
· Асуудлыг шийдвэрлэж зорилгодоо хүрэх
· Ээлжлэх, хэлэлцэх
Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ завтай хором бүхнийг гадаад хэл сурах, хөгжим сурах, спортоор хичээллэх зэрэг үр дүнтэйгээр өнгөрөөхийг зорьдог. Энэ нь хэдий хэрэгтэй ч, хүүхдэд огт юм хийхгүйгээр чөлөөт цагийг өнгөрөөх нь мөн үнэ цэнтэй чадвар, зан төлөвүүдийг сургадаг гэсэн судалгаанууд бий. Судалгаагаар төлөвлөгөө, дүрэм журамгүй чөлөөт цагийг өнгөрөөсөн хүүхдүүдийн өөртөө чиглэсэн гүйцэтгэх чадварууд нь илүү хөгжиж байсныг харуулсан. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө төлөвлөгөө гаргах, анхаарлаа төвлөрүүлэх, олон зүйлийг нэгэн зэрэг хийх боломж нь бүрдсэн учраас эдгээр чадварууд нь хөгжиж байсан.
Гэхдээ хүүхдэдээ огт анхаарлаа хандуулахгүйгээр чөлөөт цагийг нь орхиж болохгүй. Дээр дурдсан гадаад хэл, хөгжим, спорт зэрэг нь хүүхдийн танин мэдэхүй, академик ур чадварыг хөгжүүлдэг. Иймээс эцэг эхчүүд эдгээрийн тэнцвэрийг олох нь маш чухал юм.
Хүүхдээ өөрийн сонирхлыг олж мэдэх боломжийг олгож, түүнийг нь дэмжих хэрэгтэй. Хүүхэд тань өөрт тохирсон сонирхлоо олж мэдэхэд хугацаа шаардлагатай тул түүнд тэвчээртэй хандах хэрэгтэй. Мөн орчин үед дэлгэцийн хэрэглээ бидний амьдралын зайлшгүй хэсэг болсон тул түүнийг ор тас хорихгүйгээр хамтдаа цагийг өнгөрөөх, зөв ашиглаж сурах хэрэгтэй.
Эх сурвалж:
· https://www.romper.com/p/how-free-time-affects-your-childs-brain-according-to-experts-9943906
· https://raisingchildren.net.au/pre-teens/entertainment-technology/free-time-activities/free-time
· https://www.familyfriendlyhq.ie/parenthood/the-importance-of-child-free-time-5-reasons-why-youve-got-to-have-it-1688/