Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд

2 155
И Клиник 1 жилийн өмнө

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд

 

Өсвөр насныхан ба сэтгэцийн эрүүл мэнд

2021 онд ДЭМБ-ээс гаргасан тайланд 10-19 насны өсвөр насныхны 7 хүүхдийн 1 нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч байдаг гэсэн байна. Үүнээс сэтгэл гутрал, сэтгэл түгшил болон зан төрхийн эмгэгүүд тэргүүлдэг. Судалгаагаар нийт хүмүүсийн сэтгэцийн эмгэгүүдийн тал хувь нь 14 наснаас эхэлдэг бөгөөд 75% нь 20-оод насанд эхэлчихсэн байдаг байна.


Сэтгэцийн эмгэгтэй өсвөр насныхан илүү эмзэг байдаг бөгөөд нийгмээс тусгаарлагдах, ялгаварлан гадуурхалт, сургалтын хоцрогдол болон эрсдэлт зан үйлүүдэд оролцох, бие махбодын өвчин нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөнүүд гардаг байна.

 

Өсвөр насныхан яагаад сэтгэцийн эмгэгүүдэд илүү өртөмхий байдаг вэ?

Өсвөр насны үе нийгмийн болон сэтгэл хөдлөлийн чадваруудаа хөгжүүлэх онцгой үе юм. Үүнд эрүүл нойрны дэглэм, идэвхтэй дасгал хөдөлгөөн, аливаа зүйлд дасан зохицох, асуудал шийдвэрлэх, бусадтай харилцах болон сэтгэл хөдлөлөө удирдах чадварууд ордог. Ийм учраас гэр бүл, сургууль болон нийгэмд өсвөр насныхныг хамгаалж дэмжих нь чухал байдаг.

 

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зүйлс юу байдаг вэ?

Сэтгэцийн эрүүл мэндэд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Олон эрсдэлт хүчин зүйлст өртөх тусам сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл нь их байдаг. Хүнд нөхцөлд орох, үе тэнгийнхэнтэйгээ харилцах болон өөрийгөө таньж мэдэх нь өсвөр насныхныг стресст оруулдаг. Мөн гэр бүлийн амьдралын чанар, хүчирхийлэл, эцэг эх нь хэт хатуу байх, нийгэм эдийн засгийн асуудлууд нөлөөлдөг.

 

Сэтгэл хөдлөлийн эмгэгүүд түгээмэл байдаг бөгөөд сэтгэл түгшил үүнд тэргүүлдэг. 10-14 насныхны 3.6% нь, 15-19 насныхны 4.6% нь сэтгэл түгшилтэй гэсэн таамаглал байдаг. Харин 10-14 насныхны 1.1% нь, 15-19 насныхны 2.8% нь сэтгэл гутралтай байдаг. Сэтгэл гутрал болон сэтгэл түгшил нь сэтгэл хөдлөл огцом шалтгаангүй өөрчлөгдөх зэрэг ижил төстэй шинж тэмдгүүдээр илэрч болдог. Эдгээр эмгэгүүд сургалтын чанар, нийгмийн харилцаанд их хэмжээгээр нөлөөлж болдог.

 

Харин зан төрхийн эмгэгүүд нь илүүтэйгээр бага насны өсвөр насныханд тохиолддог. Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг нь 10-14 насныхны 3.1%-д, 15-19 насныхны 2.4%-д тохиолддог бөгөөд анхаарал төвлөрүүлж чадахгүй байх, үр дагаврыг бодолцохгүйгээр үйлдэл хийх, хэт их хөдөлгөөнтөх шинж тэмдгээр илэрдэг.

 

Өсвөр насныхан ямар эрсдэлт зан үйлүүдэд оролцох магадлалтай байдаг вэ?

Сэтгэл хөдлөлийн асуудлуудаа даван туулахын тулд өсвөр насныхан мансууруулах бодис хэрэглэх болон эрсдэлтэй бэлгийн зан үйлд оролцох магадлалтай байдаг. Дэлхий даяар 15-19 насныхны 13.6% их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд эрэгтэй хүүхдүүд илүү эрсдэлтэй байдаг байна. Мөн тобакко болон каннабис хэрэглэдэг. Насанд хүрсэн тамхичдын ихэнх нь 18 наснаас өмнө анх удаа тамхи татаж үзсэн байдаг. Залуучуудын хамгийн ихээр хэрэглэдэг мансууруулах бодис нь каннабис бөгөөд 15-16 насныхны 4.7% нь хэрэглэж үзсэн байдаг.

 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хувь хүний сэтгэл хөдлөлөө зохицуулах чадварыг нэмэгдүүлж, эрсдэл зан үйлийг орлуулах зүйлүүдийг нэмэгдүүлэх, хүнд нөхцөл байдлыг даван туулах болон зохицуулах чадвар суулгах нь чухал бөгөөд өсвөр насныхныг дэмжих нийгмийн орчныг бүрдүүлэх шаардлагатай байдаг.

 

Эх сурвалж:

·        https://www.who.int/news-room/fact-sheets/detail/adolescent-mental-health

·        https://www.cdc.gov/healthyyouth/mental-health/index.htm#:~:text=Mental%20health%20problems%20in%20youth,%2C%20STDs%2C%20and%20unintended%20pregnancy.

·        https://www.australiawidefirstaid.com.au/resources/mental-health-issues-in-young-people

·        https://www.mentalhealthfirstaid.org/external/2021/02/the-impact-of-mental-health-challenges-on-teens/

 

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2024 он