Чихрийн шижин өвчний үед зөв хоолны дэглэм барих болон тогтмол дасгал хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Эрүүл хооллосноор цусан дахь глюкозын хэмжээг хэвийн хэмжээнд барихад чухал нөлөөтэй. Ямар хоол хүнс идэж байгаа, ямар хэмжээтэй идэж байгаа болон ямар цагт идэж байгаа нь бүгд нөлөөлдөг.
Зөв хоолны дэглэм барих нь ямар ач холбогдолтой вэ?
· Цусан дахь глюкоз, холестерол болон артерийн даралтыг хэвийн хэмжээнд байлгах
· Эрүүл биеийн жинтэй байх
· Чихрийн шижингийн хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх
· Илүү их энергитэй байх
Чихрийн шижингийн үед ямар хоолны дэглэм барих вэ?
Чихрийн шижин өвчний үед олон нэр төрлийн хоол хүнсийг хэрэглэх нь чухал байдаг. Үүнд:
· Хүнсний ногоо
o Цардуулаггүй: брокколи, лууван, чинжүү, улаан лооль
o Цардуулагтай: төмс, эрдэнэ шиш, ногоон вандуй
· Жимс: жүрж, алим, гадил, усан үзэм
· Үр тариа (өдөрт хэрэглэх үр тарианы тал хувь нь бүхэл үр байвал зохистой): буудай, будаа, овьёос
· Уураг: тахианы мах, өөхгүй мах, загасны мах, өндөг, самар, дүфү
· Тослог багатай цагаан идээ: сүү, тараг, бяслаг
· “Сайн” өөх тос: оливын тос, самар, авокадо
Чихрийн шижингийн үед ямар хоол хүнсийг хязгаарлах вэ?
· Ханасан болон транс өөх тос ихээр агуулсан хоол хүнс (шарсан хуурсан хоол, боловсруулсан бүтээгдэхүүн)
· Давс (натри) ихтэй хоол
· Нарийн боов, чихэр, зайрмаг зэрэг чихэрлэг хоол хүнс
· Чихэртэй уух зүйлс (жимсний шүүс, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа)
· Согтууруулах ундаа (эрэгтэй хүн өдөрт 2 стандарт, эмэгтэй хүн өдөрт 1 стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй)
Хоол хүнсийг ямар хэмжээтэй идэх вэ?
Америкийн Чихрийн Шижингийн Холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу:
· Тавгийнхаа талаар цардуулаггүй ногоо
· Тавгийнхаа дөрөвний нэгээр уураг
· Тавгийнхаа дөрөвний нэгээр нүүрс ус
· Бага хэмжээтэй “сайн” өөх тос
· Жимс, цагаан идээ, ус, чихэргүй цай эсвэл кофетой идэхийг зөвлөдөг
Хэзээ хоолоо идвэл хамгийн тохиромжтой вэ?
Чихрийн шижинтэй зарим хүмүүс өдөрт тогтмол цагт хооллох шаардлагатай байдаг. Ямар эм уудаг, ямар инсулин хэрэглэдгээс хамааран өдөрт хооллох цагууд өөр байж болно. Зарим эм ууж эсвэл инсулин хэрэглэх үед тогтмол цагтаа хооллохгүй бол цусан дахь глюкоз хэт багасах аюултай байдаг тул эмчтэйгээ ярилцан өдөрт хооллох цагаа зөвлөлдөх шаардлагатай.
Эх сурвалж:
· https://www.mayoclinic.org/diseases-conditions/diabetes/in-depth/diabetes-diet/art-20044295
· https://www.niddk.nih.gov/health-information/diabetes/overview/diet-eating-physical-activity