Агаарын бохирдол гэж юу вэ?
ДЭМБ-ийн тодорхойлсноор агаарын бохирдол гэдэг нь химийн, физикийн, биологийн нөлөөний үйлчлэлээр дотор болон гадаад орчны атмосферын шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг. Агаарын бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг томоохон орчны хүчин зүйлүүдийн нэг. Агаарын бохирдлыг бууруулснаар тархины харвалт, зүрхний шигдээс, уушгины хавдар, цочмог болон архаг амьсгалын замын эмгэгүүдийг бууруулах боломжтой. Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас дэлхий даяар жил бүр 6.7 сая нас баралт тохиолддог. Эдгээр нас баралтын 89% нь ядуу буурай, хөгжиж буй орнуудад тохиолддог.
Агаарын бохирдолд юу нөлөөлдөг вэ?
Автомашины утаа, шатахууны утаа, цахилгаан эрчим хүчний үр дүнд үүссэн бодис, ойн түймэр зэрэг нь агаарын бохирдол үүсгэхэд нөлөөлдөг бол Монгол улсад гэр хорооллын айлуудын нүүрсний утаа хамгийн ихээр нөлөөлдөг байна.
Монгол улсад өвлийн улиралд PM2.5 түвшин 1м2 тутамд 687 микрограм хүрдэг бөгөөд энэ нь ДЭМБ-ийн аюулгүйн зөвлөмжөөс 27 дахин их хэмжээ юм.
Агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Агаарын бохирдол нь хүний эсүүдэд оксидатив стресс болон үрэвсэл үүсгэдэг бөгөөд архаг өвчин болон хавдруудын нөлөөлөх хүчин зүйл болж өгдөг. 2013 онд ДЭМБ агаарын бохирдлыг хүний карциноген буюу хавдар үүсгэгч гэдэг ангилалд багтаасан байна.
Сүүлийн үед агаарын бохирдлыг судлах судалгаанууд улам олширч, дараах эрхтэн тогтолцооны эмгэг үүсэхэд нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
· Хавдар
· Зүрх судасны эмгэг
· Амьсгалын замын эмгэг
· Чихрийн шижин
· Таргалалт
· Нөхөн үржихүйн эмгэг
· Мэдрэлийн эмгэг
· Дархлаа тогтолцооны эмгэг
Агаарын бохирдлын сөрөг нөлөөнүүдэд хүүхдүүд хамгийн их өртдөг бөгөөд ураг бий болсон цагаасаа эхлэн нөлөөлдөг байна. Монгол улсын 5-аас доош насны хүүхдүүдийн нас баралтын 2 дахь тэргүүлэх шалтгаан нь уушгины хатгалгаа байдаг. Агаарын бохирдол хамгийн ихтэй Улаанбаатар хотын төвд амьдардаг хүүхдүүдийг хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдтэй харьцуулсан судалгаагаар уушгины үйл ажиллагаа 40%-иар буурсан байсан. Үүний үр дүнд гуурсан хоолойн үрэвсэл, уушгины багтраа зэрэг өвчнүүдийн эрсдэл нэмэгддэг.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?
Жирэмсэн эмэгтэй агаарын бохирдолд өртсөнөөр ургийн уушги болон амьсгалын замд нөлөөлж, дутуу төрөлт болон зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сүүлийн 10 жилд Улаанбаатар хот дахь амьсгалын замын эмгэгүүд 2.7 дахин нэмэгдсэн.
Эх сурвалж:
· https://www.who.int/health-topics/air-pollution#tab=tab_1
· https://www.who.int/news-room/fact-sheets/detail/ambient-(outdoor)-air-quality-and-health
· https://www.niehs.nih.gov/health/topics/agents/air-pollution/index.cfm