Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Аутизм

5 336
И Клиник 1 жилийн өмнө

Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн, харилцааны болон зан төрхийн хүндрэлээр илэрдэг хөгжлийн бэрхшээл бөгөөд 100 хүүхэд тутамд 1 тохиолддог. Аутизмын үед хийж буй үйлдлээсээ өөр үйлдэл рүү шилжихэд хүндрэлтэй байх, нарийн жижиг зүйл дээр ач холбогдол өгөх, ямар нэгэн мэдрэхүйд хэвийн бус хариу үйлдэл үзүүлэх зэрэг шинжүүд илэрч болдог. Аутизмтай хүний чадвар, хэрэгцээ нь цаг хугацааны дараа өөрчлөгдөж болдог. Зарим хүмүүс биеэ дааж амьдрах чадвартай байдаг бол зарим хүнд насан туршийн дэмжлэг, асаргаа шаардагддаг.


Аутизм яагаад үүсдэг вэ?

Орчны нөлөө болон удамшил зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр аутизм үүсэж болдог. Олон жилийн турш хийгдсэн судалгаагаар улаан бурхан, гахайн хавдар, улаануудын вакцин болон хүүхэд насанд хийгддэг бусад вакцинууд нь аутизм үүсэхэд нөлөөлдөггүй болохыг баталсан.

Аутизм нь 3 наснаас өмнө үүсэж, насан туршид нь үргэлжилж болдог. Зарим хүүхдүүдэд төрснөөс хойш эхний 12 сард шинж тэмдгүүд илэрдэг бол заримд нь 24 сар болон түүнээс хойш ч илэрч болдог.


Аутизм ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

Аутизмтай хүмүүст ихэвчлэн нийгмийн харилцаанд ороход хүндрэл үүсэж, хязгаарлагдмал эсвэл давтагдсан сонирхол болон зан төрхийн шинжүүдтэй байдаг. Мөн сурч боловсрох, хөдлөх, анхаарах нь бусад хүмүүсээс өөр байдаг тул олон бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ эдгээр шинж тэмдэг илэрсэн ч аутизм биш байх боломжтой тул мэргэжлийн эмчээр оношлуулах зайлшгүй шаардлагатай.


Аутизмын үед ямар эмчилгээ хийх вэ?

Бага наснаас эхлээд насан туршид нь олон төрлийн дэмжлэг, эмчилгээ хийснээр тэдгээрийн хөгжил, эрүүл мэнд болон амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой байдаг. Эрт үед нь нотолгоонд суурилсан сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлснээр хүүхэд үр дүнтэй харилцаж сурснаар нийгмийн харилцаанд оролцох бүрэн боломжтой байдаг. Аутизмыг оношилсны дараагаар аутизмтай хүн болон түүний асран хамгаалагч нь хэрэгцээнд нь нийцсэн зөв мэдээлэл, үйлчилгээ, чиглүүлэг, дэмжлэг авах нь чухал байдаг.

Эх сурвалж:

· https://www.who.int/news-room/fact-sheets/detail/autism-spectrum-disorders

· https://www.cdc.gov/ncbddd/autism/facts.html

· https://www.autism.org.uk/get-involved/raise-money/world-autism-acceptance-week-2024

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он