Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Архи хэтрүүлэн хэрэглэх

0 351
И Клиник 2 жилийн өмнө

Архи хүний биед ямар нөлөөтэй вэ? 

Архинд этанол агуулагддаг бөгөөд энэ нь сэтгэцэд нөлөөлөх болон хамаарал үүсгэх чадвартай хортой бодис юм. Дэлхий даяар жил бүр архитай холбоотой 2.6 сая нас баралт тохиодог. Архи нь элэг, зүрхний эмгэг, хавдар, сэтгэцийн эмгэг зэрэг 200 гаруй өвчлөл болон гэмтлийн шалтгаан болдог. Ходоод, элэг, нойр булчирхайн үрэвсэл, хоол боловсруулах замын цус алдалт, бэлгийн чадвар буурах, эргэшгүй тархи болон мэдрэлийн өөрчлөлтүүд зэрэг олон өөрчлөлт илэрч болдог.  


Архи нь хорт хавдар үүсгэгч бодис бөгөөд хөх, элэг, толгой хүзүүний, улаан хоолой болон бүдүүн шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Мөн санамсартай болон санамсаргүй гэмтэл, түлэгдэл, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт зэрэгт нөлөөлдөг. Жирэмсэн үед архи хэрэглэх үед төрөлхийн гажгууд, хөгжлийн бэрхшээл болон төрөх үеийн хүндрэлүүдийн эрсдэл нэмэгддэг.  


Хэр их хэмжээтэй хэрэглэсэн, хэр ойрхон давтамжтай хэрэглэдэг, тухайн хүний биеийн байдал, нас, хүйс зэрэг олон хүчин зүйлсээс архины эрсдэлийн түвшин хамаардаг.  

Нэг нэгж архи нь 8г (10мл) цэвэр архийг хэлдэг бөгөөд долоо хоногт 14 нэгж архинаас хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.  


 


Архи хэтрүүлэн хэрэглэх үед ямар шинж тэмдэг илрэх вэ? 

Эрт үедээ төлөвлөснөөс илүү их хэмжээгээр хэрэглэх, эргэн тойрны хүмүүс санаа зовсон ч зогсохгүй байх, ойр ойрхон архины хэмжээгээ бууруулах оролдлого хийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин яваандаа архийг тэсвэрлэх хэмжээ нэмэгддэг буюу илүү их хэмжээтэй архи хэрэглэж согтдог. Архины хамааралтай болсны дараа хэрэглэхгүй бол толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл түгших, ядарч сульдах шинж тэмдгүүд илэрдэг.  


Архийг хэтрүүлэн хэрэглэх тусам хяналтаа алдаж, архи хэрэглэсэн үедээ ухаантай байсан ч дараа нь юу болсныг огт санахгүй болох тохиолдлууд байдаг.  


Эцэст нь зан төрхийн өөрчлөлтүүд илэрч, илүү уцаартай болж, ажил хийх, гэр бүл найз нөхөдтэйгөө харилцах чадваргүй болдог.  

Цусанд агуулагдах архины хэмжээ хэт ихсэх үед амьсгалах, зүрх цохилох, биеийн дулаан зохицуулах зэрэг амьдрахад нэн шаардлагатай тархины үйл ажиллагаанууд зогсдог. Энэ үед ухаан балартах, ухаан алдах, бөөлжих, унаж татах, амьсгалахад хүндрэлтэй болох, зүрхний цохилт удаашрах, хөлрөх, хахах, биеийн дулаан хөрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Улмаар эргэшгүй тархины гэмтэл эсвэл нас баралт үүсэх эрсдэлтэй.  


Ямар хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх эрсдэлтэй вэ? 


  • Эрт насанд архи хэрэглэж эхэлсэн 
  • Гэр бүлийн хэн нэгэн архи хэтрүүлэн хэрэглэдэг 
  • Сэтгэцийн эмгэг болон сэтгэлийн гэмтэл авч байсан 

 

Ямар арга хэмжээ авах вэ? 


Хэр их хэмжээтэй архи хэрэглэж байгаагаас хамааран авах арга хэмжээ өөр өөр байдаг.  


  • Сэтгэл засал эмчилгээ 
  • Дэмжих бүлгүүдэд хамрагдах 
  • Эмийн эмчилгээ 
  • Хоргүйжүүлэх эмчилгээ зэргийг хийдэг 

 

Эх сурвалж: 


 

 

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2026 он