Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Улаанбурхан

0 169
И Клиник 1 жилийн өмнө

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиах, найтаах, амьсгалах үед халдварладаг. Дархлаа тогтоогүй хэн ч өвчлөх боломжтой боловч, хүүхдүүдэд илүү түгээмэл тохиолддог. Улаанбурханы вирус нь агаарт болон гадаргуу дээр 2 цаг хүртэл идэвхтэй байдаг бөгөөд халдвартай хүний 10 дархлаа тогтоогүй ойрын хавьтлын хүнээс 9 нь халдвар авах боломжтой байдаг.

Ямар шинж тэмдгээр илрэх вэ?

Улаанбурханы вируст өртсөнөөс хойш 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрч эхэлдэг.

Эрт үеийн шинж тэмдгүүд:

· Өндөр халуурах

· Ханиалгах

· Нус гоожих

· Нүд улайж, нулимс гоожих

· Амны салст дээр цагаан толбо гарах

Халдвар авснаас 7-18 хоногийн дараагаас биеэр тууралт гарч эхэлдэг. Ихэвчлэн нүүр, хүзүүгээр гарч эхлээд 3 хоногийн дотор гар, хөлөөр тархдаг. Улмаар 5-6 хоногийн дараагаас бүдгэрч, арилж эхэлдэг.

Ямар хүндрэл үүсэж болох вэ?

· Сохролт

· Энцефалит буюу тархины үрэвсэл

· Хүнд зэргийн суулгалт, усгүйжилт

· Чихний үрэвсэл

· Уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын хүндрэлүүд

Жирэмсэн эмэгтэй халдвар авах үед хүндрэл үүсэж, хүүхэд дутуу төрөх эрсдэлтэй болдог. 5-аас доош насны хүүхэд, 30-аас дээш насны хүмүүст хүндрэл хамгийн үүсэх эрсдэлтэй байдаг. Мөн хүнс тэжээлээр хангалттай хэмжээний А витамин авч чаддаггүй, шим тэжээлийн дутагдалтай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс эрсдэлт бүлэгт хамрагдана.

Ямар эмчилгээ хийдэг вэ?

Улаанбурхан өвчнийг эмчлэх өвөрмөц эмчилгээ байдаггүй бөгөөд шинж тэмдгийг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зорилготой эмчилгээнүүдийг хийнэ. Суулгах, бөөлжих үед алдсан шингэнээ нөхөж, хангалттай хэмжээний ус ууна. Уушгины хатгалгаа, чих болон нүдний үрэвсэл үүссэн үед антибиотик эмчилгээ хийнэ.

Улаанбурханы халдвар авсан хүүхэд болон насанд хүрэгчдэд 24 цагийн зайтай А витамины тунг 2 удаа уулгана. Ингэснээр нүдний гэмтэл, сохролт үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бүх нийтийг хамарсан вакцин бол улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Вакцин нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд өртөг багатай юм.

Монгол улсад хүүхдүүдэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг нийлмэл вакциныг 9 сартайд болон 2 настайд 2 тунгаар хийдэг.

Вакцины 2 тунг хийлгэх нь өвчнөөс 97% сэргийлэх бөгөөд нэг тун хийлгэх нь 93% сэргийлдэг.

Эх сурвалж:

· https://www.who.int/news-room/fact-sheets/detail/measles

· https://www.cdc.gov/measles/about/index.html

· https://www.mayoclinic.org/diseases-conditions/measles/symptoms-causes/syc-20374857

· https://www.nhs.uk/conditions/measles/

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он