Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Агаарын бохирдол

0 103
И Клиник 1 жилийн өмнө

Агаарын бохирдол нь бидний сайн мэдэх орчны бохирдлын нэг хэлбэр бөгөөд дэлхий даяар жил бүр агаарын бохирдлын улмаас ойролцоогоор 6.5 сая нас баралт тохиодог. Агаарын бохирдол гэдэг нь химийн, физикийн болон биологийн хүчин зүйлсийн нөлөөгөөр атмосферийн байгалийн хэв шинжүүд өөрчлөгдөхийг хэлдэг.

Агаарын бохирдол үүсгэх шалтгаанууд олон байдаг бөгөөд Монгол улсад зонхилон тоосонцрын бохирдол (PM) буюу сульфат, нитрат, нүүрстөрөгч болон эрдэслэг тоосонцрууд давамгайлдаг. Машин болон үйлдвэрийн түлш, тамхины утаа, органик түлш түлэх гэх зэрэг нь тоосонцрын бохирдол үүсгэдэг. Тоосонцрын бохирдлын нэг хэлбэр болох PM2.5 тоосонцор нь хүний үснээс 30 дахин нарийхан бөгөөд амьсгалах үед уушгины эдийн гүн рүү нэвтэрч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн цусны урсгал руу орж, бусад эд эрхтэнд хүрэх боломжтой байдаг. 21 жилийн дата ашигласан судалгаагаар нүүрс шаталтын улмаас үүссэн PM2.5 тоосонцор нь бусад эх үүсвэрээс үүссэн PM2.5 тоосонцортой харьцуулахад нас баралт үүсгэх эрсдэл нь 2 дахин их байв.

Агаарын бохирдлын улмаас хүний эсэд оксидатив стресс болон үрэвсэл явагдсанаар архаг өвчлөлүүдийн суурь тавигддаг. 2013 онд ДЭМБ агаарын бохирдлыг хүний хавдар үүсгэгч карциногены ангилалд оруулсан.

Агаарын бохирдол ямар эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг вэ?

Агаарын бохирдол нь дараах өвчлөл үүсэхэд нөлөөлдөг нь судлагдсан:

· Тархины харвалт

· Зүрхний цус хомсролын эмгэгүүд

· Уушгины архаг бөглөрөлт өвчин

· Уушгины хавдар

· Уушгины хатгалгаа

· Жирэмсний хүндрэлүүд

Бага насны хүүхдүүд, өндөр настнууд болон жирэмсэн эмэгтэйчүүд эдгээр эмгэгт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй.

Маск зүүх нь үр дүнтэй юу?

Худалдаанд маш олон хамгаалах маск байдаг бөгөөд эдгээр нь өөр өөр зориулалттай байдаг. Агаарын бохирдлоос хамгийн үр дүнтэй хамгаалах маскыг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай:

· Ихэнх хамгаалах маск N90, N95, N99 тэмдэглэгээтэй байдаг. Энэ нь 0.3 микрон хүртэлх хэмжээтэй тоосонцрын бохирдлыг шүүх чадварыг илтгэдэг. N90 маск нь тоосонцрын 90%, N95 нь 95% шүүх чадвартай байдаг. N95, FFP2 болон KN95 тэмдэглэгээтэй маск нь хамгийн тохиромжтой.

· Маскны эргэн тойрноор агаар орохгүй, нүүрэнд нягт наалдах нь маскны үр дүнг тодорхойлно. Амьсгаа авах үед маск татагдаж нүүрэнд наалддаг байснаар агаарын бохирдлыг үр дүнтэй шүүнэ.

· Маск нь нүүрнээс хол зайтай байрлаж, агаарын урсгалтай байснаар амьсгалах үед хүндрэл үүсэхгүй.

Эх сурвалж: · https://www.niehs.nih.gov/health/topics/agents/air-pollution · https://www.who.int/news/item/25-06-2024-what-are-health-consequences-of-air-pollution-on-populations · https://www.britannica.com/science/air-pollution · https://www.iqair.com/us/newsroom/air-pollution-masks-what-works-what-doesn-t?srsltid=AfmBOoqdK5UNomdwLcPjMEQ3ATMYGw9QPqi_bpwmn-iNHQ8vP145QWhU

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он