Хамгийн тохиромжтой өглөөний цай нь уураг, ислэг, эрүүл өөх тос болон шим тэжээлээр баялаг байдаг. Шим тэжээллэг хоол нь удаан үргэлжлэх эрч хүчийг өгч, хэдэн цагийн турш цатгалан байлгадаг.
1. Өндөг
Өндөг нь уургаар баялаг бөгөөд булчингийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. 2020 оны судалгаагаар өглөөний цайндаа өндөг, шарсан талх иддэг хүмүүсийг амуу тариа болон сүү, ундаа өглөөний цайндаа хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад өлсөх мэдрэмж хавьгүй бага байсан. Мөн өдрийн хоолондоо илүү бага калори идэж байсан тул уургаар баялаг хүнс нь цадах мэдрэмжийг илүү төрүүлдгийг харуулж байна.
Өндгөнд агуулагддаг бусад шим тэжээлүүд:
· Лутейн болон зеаксантин – нүдний эрүүл мэнд болон арьс, элэг, нүд, зүрх судсанд тустай
· Холин – тархи, элэгний эрүүл мэндэд тустай
· Фолат зэрэг В витаминууд
· А витамин
· Төмөр, кальци зэрэг
2. Грек тараг
Грек тараг нь энгийн тарагтай харьцуулахад илүү уургаар баялаг байдаг бөгөөд бусад уургаар баялаг хоол хүнснээс хавьгүй бага калоритой байдаг. Грек тараг нь кальци, В12 витамин, цайр, кали, фосфор зэргээр баялаг. Мөн Бифидобактери зэрэг пробиотикийг агуулдаг тул хоолны шингээлтэд тустай.
3. Кофе
Кофе нь каффейнаар баялаг тул сэргэг байдлыг нэмэгдүүлж, бие махбод болон сэтгэцийн чадваруудыг нэмэгдүүлдэг. Мөн антиоксидант, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг полифенолуудаар баялаг. Судалгаагаар өдөрт 4 аяга кофе буюу 400 мг каффейн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. Харин жирэмсний үед 200 мг-аас дээшгүй хэрэглэвэл зохистой.
4. Овьёосны каш
Овьёос нь бета-глюкан гэх ислэгийг агуулдаг бөгөөд цусан дахь холестерол болон глюкозын хэмжээг бууруулж, антиоксидант болон пребиотик үйлдэл үзүүлдэг. Овьёос нь цадах мэдрэмжийг удаан өгдөг тул хоолны дундуур өөр зүйл идэх хүслийг бууруулдаг. Овьёос нь төмөр, В витамин, манган, магни, цайр болон селенээр баялаг. Мөн нэг аяга овьёосонд дунджаар 10 г уураг агуулагддаг.
5. Чиа үр
Чиа үр нь ислэгээр баялаг бөгөөд 28 г чиа үрд дунджаар 10 г ислэг агуулагддаг. Чиа үр идсэнээр цусан дахь глюкоз болон холестеролын түвшинг бууруулж, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
Өглөөний цайнд юу идэхээс зайлсхийх хэрэгтэй вэ?
· Амуу тарианы сереал, талх, боов зэрэг нь нүүрс усаар баялаг тул цусан дахь глюкоз болон инсулины хэмжээ ихсэхэд хүргэдэг. Инсулин нь глюкозыг өөхөн эсүүд рүү хүргэж нөөцөлснөөр таргалалт үүсдэг.
· Хиам, боловсруулсан махан бүтээгдэхүүн, гахайн мах болон цөцгийн тос зэрэгт агуулагддаг өөх тос нь судсыг бөглөж, зүрхний шигдээс болон тархины харвалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн боловсруулсан хоол хүнсэнд агуулагддаг давс нь усыг татаж, цусны даралт нэмэгдэхэд хүргэдэг.
Эх сурвалж:
· https://www.healthline.com/nutrition/12-best-foods-to-eat-in-morning#chia-seeds
· https://www.health.harvard.edu/blog/a-doctors-recipe-for-a-healthy-breakfast-2017100612479