Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Дархлаажуулалт

4 181
И Клиник 3 жилийн өмнө

Дархлаажуулалт гэж юу вэ?

Монгол Улсын “Дархлаажуулалтын тухай хууль”-ийн 3.1 дэх зүйлд “халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог дархлаажуулалт гэнэ” гэж томъёолсон байдаг.

Энэ нь урьдчилан сэргийлэх боломжтой, амь насанд эрсдэлтэй халдварт өвчнүүдээс хамгаалах, өвчилсөн үед хөнгөн явцтай өнгөрүүлэх аюулгүй, үр дүнтэй арга юм.

Хүний бие махбодь байгалаас заяасан хамгаалах урвалуудаа ашиглан халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг ч зарим тохиолдолд өвчинд дийлэгддэг. Аливаа халдварт өвчинд өртөхөд түүнийг эсэргүүцэж, биед эсрэгбиеүд үүсэх урвалыг вакцин өдөөж өгдөг. Нян, вирусын сулруулсан эсвэл үхсэн хэсэг вакцинд агуулагддаг учраас тухайн өвчнөөр өвчлөхгүй, эсвэл өвчний хүндрэлүүд үүсдэггүй байна. Вакцин хийлгэснээр олон жил, заримдаа насан туршдаа тухайн халдварт өвчинд өртөхгүй байх нөхцөл бүрддэг.

Хэзээ дархлаажуулалтад хамрагдах вэ?

Бага насны хүүхэд өвчинд илүү өртөмтгий байдаг тул вакциныг тусгай товлолын дагуу аль болох эрт хийдэг. Товлолоос хоцорвол нөхөн дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай, эс бөгөөс тухайн халдварт өвчнөөр өвчилж, хүндрэх эрсдэлтэй. Харин сайн дурын дархлаажуулалтад хүн өөрөө хүссэн үедээ хамрагдаж болно.

Дархлаажуулалт ямар өвчнүүдээс урьдчилан сэргийлдэг вэ?

Дэлхий дахинд амь насанд аюултай 20 гаруй төрлийн халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх вакцинуудыг гаргасан. Хүүхдийн товлолт вакцинууд дараах өвчнүүдээс хамгаална:

·      Сүрьеэ

·      В гепатит

·      Халдварт саа

·      Сахуу

·      Хөхүүл ханиад

·      Татран

·      Хемофилюс инфлюенза В-ын халдвар

·      Улаанбурхан

·      Гахайн хавдар

·      Улаанууд

Харин сайн дурын дархлаажуулалтаар дараах халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой:

·      В вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл

·      А вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл

·      Менингококкт халдвар

·      Томуу

·      Улаанбурхан

·      Тарваган тахал

·      Боом

·      Татран

·      Шар чичрэг

·      Гэдэсний балнад

·      Ротавирусын халдвар

·      Хүний папиллома вирусээр үүсгэгдсэн хавдар

·      Ковид-19

Дархлаажуулалт ямар нэг гаж нөлөө үзүүлдэг үү?

Вакцин хийлгэснээс үүсэх гаж нөлөө маш бага байдаг ба хүүхэд вакцин хийлгэсний дараа үргэлжлүүлэн цэцэрлэг, сургуульдаа явах боломжтой. Үүнд бага зэргийн халуурах, тарьсан хэсэгт улайх, хөндүүрлэх зэрэг шинжүүд багтах ба эдгээр шинжүүд 12-24 цагийн дотор аяндаа арилдаг.

Вакцины найрлаганд юу багтдаг вэ?

Тухайн вакциныг аюулгүй болоод үр дүнтэй байлгахад вакцины орц тус бүр чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнд:

·      Антиген – өвчин үүсгэгч нян, вирусын сулруулсан эсвэл үхүүлсэн хэсэг бөгөөд хожим халдварт өртвөл дархлааны хариу урвал үзүүлэхэд бие махбодийг бэлддэг

·      Адъювант – бидний дархлааны хариу урвалыг дэмжиж, вакцины үр дүнг нэмэгдүүлдэг

·      Нөөшлөгч бодис – вакцины үр дүнтэй байдлыг хадгалдаг

·      Тогтворжуулагч бодис – хадгалалт, тээвэрлэлтийн үед вакциныг хамгаалдаг

Вакцины найрлага дахь бодисуудыг шошго дээрээс уншихад танил бус санагддаг ч эдгээр бодисууд нь ихэнхдээ бидний биед, хүрээлэн буй орчинд болон бидний иддэг хоол хүнсэнд байдаг бодисууд юм. Вакцины найрлага дахь бодисууд болон вакциныг өөрийг нь маш сайн туршилтад хамруулж, сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг нь баталдаг.

Яагаад зарим вакциныг ойрхон хугацаатай давтан хийдэг вэ?

Хүүхэд хэзээ ямар үед өвчинд илүү өртөмтгий байдгийг эрдэмтэд сайтар судалсан байдаг тул вакциныг товлолын дагуу хийдэг. Зарим улс орны орчин нөхцлөөс хамаарч элбэг тохиолддог халдварууд байдаг ба түүндээ тохирсон товлолоор дархлаажуулалт бас хийдэг.

Хэн вакцин хийлгэж болохгүй вэ?

Ихэнх хүмүүс вакцин хийлгэхэд асуудалгүй боловч эрүүл мэндийн нөхцөл байдлуудаас шалтгаалж зарим вакциныг хийлгэх боломжгүй байдаг. Тухайлбал,

·      Вакцин хийлгэх өдрөө хүндээр өвчилсөн, өндөр халуурсан тохиолдолд түр хойшлуулна

·      Дархлаа тогтолцоонд нөлөөлдөг архаг өвчин (ХДХВ), архаг өвчний эмчилгээ (жишээлбэл хими эмчилгээ)

·      Вакцины найрлага дахь бодист харшилтай (маш ховор) байх

Эдгээр нөхцөл байдлууд вакцин тус бүрт харилцан адилгүй нөлөөлнө. Вакцин хийлгэхдээ эмчдээ үзүүлж, зөвлөгөө авч ярилцаарай.


Эх сурвалж:

https://www.who.int/news-room/questions-and-answers/item/vaccines-and-immunization-what-is-vaccination

https://www.who.int/health-topics/vaccines-and-immunization#tab=tab_1

https://www.who.int/campaigns/world-immunization-week/world-immunization-week-2022

https://www.cdc.gov/vaccinesafety/concerns/index.html

https://legalinfo.mn/mn/detail/245




Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он