Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Хэл засал, хэл зүгшрүүлэх

3 472
И Клиник 3 жилийн өмнө

Хэл яриа гэж юу вэ?

Хэл яриа бол ​​харилцааны гол хэрэгсэл гэдгийг хүн бүр мэддэг. Зөвхөн харилцааны төдийгүй, сэтгэн бодох, ухамсар, ой санамж, мэдээлэл дамжуулагч, хүний ​​өөрийн ба бусад хүмүүсийн зан байдлыг хянах, зохицуулах хэрэгсэл болдог байна.

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн гадаад орчноо таньж мэдэж эхэлдэг бөгөөд хэл ярианы тусламжтайгаар хүрээлэн буй орчинтойгоо харилцаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Хэл яриа, сэтгэн бодох чадвар хоёр хоорондоо салшгүй холбоотой юм.

Хүүхэдтэйгээ ярина гэдэг зүгээр хэлээ зажилж, эрхэлж байгаа хэрэг биш, гол утга учир нь эд зүйлсийг хэрхэн нэрлэж байгаад оршдог. Хүүхэдтэйгээ ярихдаа энгийн үг хэллэгийг ашиглаж, илүү хялбар болгохын тулд олон дахин давтаж, илүү удаан ярьдаг. Мөн амаа том ангайх, хөмсгөө өргөх, инээмсэглэх зэрэг нүүрний хөдөлгөөнийг хамт ашигладаг. 

Орчин үед техник технологийн дэвшилтэй холбоотой хүүхэдтэйгээ ярилцах, хүн хоорондын харилцаа улам холдож, дэлгэцийн хамааралтай болж байна. Үүнээс улбаалан хүүхэд хэлд хожуу орох, үг авиаг буруу дуудах, үгийн баялаг багатай байх зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгаа тул хэл яриаг хөгжүүлэх нь чухал асуудал болж байна.

Хэл яриа өөрчлөгдөх шалтгаан

Бүтцийн – Жирэмсний явцад янз бүрийн таагүй хортой нөлөөллийн (хордлого, халдвар, гэмтэл) улмаас тархи, сонсох, өгүүлэх эрхтэнд өөрчлөлт орох.

Үйл ажиллагааны – Мэдрэлийн сэрэл дамжуулалт алдагдах, сэтгэл зүйн хүчтэй цочрол, айдас түгшүүр, мөн хүүхдийн биеийн хөгжил сул дорой байх, бодисын солилцооны өөрчлөлт нөлөөлөх.

Нийгэм, сэтгэлзүйн - Хүний хэл яриа бусдыг дуурайх замаар хөгждөг. Иймээс орчны ба гэр бүлийн таагүй байдал нөлөөлөх. Жишээ нь, гэр бүлийн гишүүдийн нэг нь буруу, тод бус дуудлагатай, ээрдэг, хэт хурдан ярьдаг бол хүүхэд дагаж дуурайснаар буруу хэллэгтэй болдог. Мөн бага насанд эерэг сэтгэл хөдлөлтэй харилцаа дутагдах, эсвэл хэт шуугиантай орчин хэл ярианы хөгжлийг саатуулах таагүй нөхцөл болдог.

Сэтгэц мэдрэлийн - Оюуны бэрхшээл, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэцийн эмгэг нөлөөлөх.

Хэл зүгшрүүлэх засал гэж юу вэ?

Монголчууд эрт үеэс хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэхийн тулд багаас нь дуу, шүлэг, ерөөл магтаал цээжлүүлэх, үлгэр ярилцах, оньсого таалцах, түргэн хэллэг, жороо үг хэлүүлэх зэрэг маш олон аргыг ашиглаж ирсэн уламжлалтай.

Түргэн хэллэг буюу хэл зүгшрүүлэх засал нь зөв цэвэр, хурц тод яриулж сургах, хэлний ээдрээг гаргах дасгал юм. Түргэн хэллэгийг анх хэлэхдээ заавал бүтнээр нь түргэн хэлэх хэрэггүй. Үг бүрийг зөв дуудахын тулд эхлээд үгийн доторхи үеүдийг тус тусад нь хэсэгчлэн давтан хэлж, дараа нь бүтэн үгийг, эцэст нь бүхэл өгүүлбэрээр тод хэлж өгүүлэхүйн эрхтний ажиллагааг зүгшрүүлэх нь чухал.

·      Хэл зүгшрүүлэх үг гэж бага насны хүүхдийг түгдрэлгүй хэлж сурахад зориулж зохиосон бүлэг үгсийг хэлнэ.

Хэл зүгшрүүлэх үг нь зөвхөн хэл яриаг сайжруулах төдийгүй үгийн баялгийг нэмэгдүүлэх, түргэн цээжлэх, ой ухаандаа бат тогтоох, өгүүлбэрт үгсийг зөв байрлуулж ярьж, бичиж сурах, түргэн уншиж дадах зэрэг олон талын ач холбогдолтой.

·      Жороо үг гэж урд мөрийн эцсийн үгийг дараах мөрийн эхэнд оруулж хэрэн шүлэглэсэн эвхээс маягийн шүлгийг хэлнэ.

Жороо үг нь үгийн баялгийг нэмэгдүүлэх, үгийн утгыг таниулах, үг холбож сургах, хэл яриа зүгшрүүлэх дасгалын нэг хэлбэр.

Түргэн хэллэгийг хэлүүлэхдээ дээд зэргийн хурднаар хэлүүлж, буруу дуудуулах бус, харин зөв хэлүүлэхийг чухалчилж, буруу хазгай хэлсэн авиа, үгийг дор нь засаж зөв хэлүүлж сургана. Төрөлхийн хурдан ярьдаг хүүхэд бол түргэн хэллэгийг аажим тогтуун ярих дасгал болгон удаанаар хэлүүлэх нь зүйтэй.

Хэл засалч юу хийдэг вэ?

Хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчид, ахмад настнуудын төрөлхийн ба олдмол өвчнөөс үүдэлтэй хэл ярианы согогийг оношлох, эмчлэх, засахыг мэргэжлийн хэл засалч хийдэг.

 

Эх сурвалж

https://mongoltoli.mn/search.php?opt=1&ug_id=99098

https://mn.wiktionary.org/wiki/

https://www.unicef.org/mongolia/mn/baby-talk-class

https://www.facebook.com/Mongol.Eej.Ger.Surgalt/posts/182692529831113/

https://www.smdoctor.ru/disease/

https://kidshealth.org/en/parents


Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он