Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Ашигтай бактери буюу микробиом

5 272
И Клиник 3 жилийн өмнө

Микробиом гэж юу вэ? 

Хүний биед хэдэн триллион бактери, вирус болон мөөгөнцөр амьдарч байдаг. Эдгээрийг бүгдийг нийлүүлээд микробиом буюу хүний хэвийн бичил биетэн гэж нэрлэдэг. Зарим төрлийн бичил биетнүүд өвчин үүсгэдэг бол зарим нь бидний дархлаа тогтолцоонд маш чухал үүрэгтэй оролцож байдаг. Эдгээр бичил биетнүүдийн ихэнх хэсэг нь хүний гэдэс болон арьсан дээр амьдарч байдаг. Хүний биед амьдардаг бүх бичил биетнүүдээс бактери буюу нянг хамгийн их судалсан бөгөөд сонирхолтой нь хүний биед агуулагдаж байдаг эсийн тооноос олон тооны бактерийн эс байдаг байна. Нарийн, бүдүүн гэдсэнд 1000 гаруй төрлийн бактери байдаг бөгөөд эдгээр нь бүгд өөр өөрийн оролцоотой эрүүл байхад нөлөөлж байдаг. Бүх бичил биетнүүдийн хэмжээ нийлээд 1-2 кг буюу бидний тархитай ижил хэмжээтэй жинг эзэлдэг. 

 

Хэвийн бичил биетнүүд бидний биед ямар ашигтай вэ? 

Хүнийг төрсөн цагаас нь гэдэсний хэвийн бичил биетнүүд нөлөөлж эхэлдэг бөгөөд тэд байхгүй бол амьд байх боломжгүй гэж үздэг. Хүүхэд өсөж торнихын хэрээр бичил биетний тоо, төрөл олширч эхэлдэг. Хүүхэд эхийнхээ сүүг боловсруулахад туслах, эслэг боловсруулах, дархлаа тогтолцоонд нөлөөлөх, тархины эрүүл мэндэд нөлөөлөх зэргээр хүний биед нөлөөллөө үзүүлдэг.  

 

Хэвийн бичил биетнүүд бидний жинд нөлөөлдөг үү? 

Хэвийн бичил биетний тэнцвэр алдагдахыг дисбиоз гэж нэрлэдэг бөгөөд энэ нь жин нэмэх нэг шалтгаан болж өгдөг. Ихрүүд дээр хийсэн судалгаанд нэг нь хэвийн жинтэй, нөгөө нь таргалалттай байсны гол нөлөөлөх хүчин зүйл нь гэдсэн дэх хэвийн бичил биетний ялгаа байгааг судалжээ. Харин пробиотик буюу ашигтай бактери нэмэлтээр хэрэглэх үед хэвийн жиндээ орох боломжтой байсан. 

Хэвийн бичил биетний тэнцвэр алдагдах үед гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх шинжүүд үүсэж болдог.  

 

Хэвийн бичил биетнүүд өөр ямар эрхтнүүдэд нөлөөлдөг вэ? 

Олон өвчинд бидний гэдсэн дэх бичил биетнүүд нөлөөлдгийг судалсан. Үүнд хорт хавдар, аутоиммуни өвчнүүд, аутизм хүртэл ордог.  

1500 хүн дээр хийгдсэн судалгаагаар гэдэсний хэвийн бичил биетнүүд сайн буюу өндөр нягтралт липопротейн болон триглицеридийн тэнцвэрт нөлөөлж байсныг харуулжээ. Мөн зарим төрлийн бактери нь триметиламин азот-оксид буюу судас бөглөхөд нөлөөлдөг бодисын хэмжээг ихэсгэж байсан. Лактобацилл буюу пробиотикийг уух үед холестерол бууруулж байсныг мөн судалжээ. Тэгэхээр гэдэсний бичил биетний тэнцвэр алдагдах үед зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байх нь. 

 

Мөн цусан дахь глюкозын хэмжээг зохицуулснаар чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг. 

 

Зарим төрлийн бактери нь нейротрансмиттер хэмээх бодис ялгаруулдаг. Серотонин бол ихэвчлэн гэдсэнд үүсдэг аз жаргал үүсгэдэг даавар юм.  

 

Хэрхэн гэдэсний хэвийн бичил биетний тэнцвэрээ хадгалах вэ? 

  • Олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэх: ялангуяа шош, үр тариа, жимс зэрэг нь эрүүл бактерийн хэмжээг ихэсгэдэг 
  • Даршилсан хоол хүнс идэх: бүрсэн тараг, даршилсан байцаа, кимчи зэрэг нь эрүүл бактери агуулдаг бөгөөд өвчин үүсгэгч бактерийг дарангуйлахад нөлөөтэй 
  • Чихрийн амт оруулагчаас татгалзах: Аспартам зэрэг чихэр орлуулагчид өвчин үүсгэгч бактерийн өсөлтийг дэмждэг 
  • Пребиотик хоол хүнс хэрэглэх: артичок, гадил, аспарагус, сонгино, сармис, овьёос зэрэг нь эрүүл бактерийн өсөлтийг дэмждэг эслэг агуулдаг 
  • Хүүхдээ дор хаяж 6 сар хүртэл нь хөхөөр хооллох: хөхөөр хооллосон хүүхдүүдийн гэдэсний ашигтай бактерийн хэмжээ илүү их байдаг 
  • Бүхэл үрийн гурил хэрэглэх: бүхэл үр нь олон ашигтай эслэг болон нүүрс ус агуулдаг  
  • Пробиотик нэмэлтээр хэрэглэх 
  • Шаардлагагүй тохиолдолд антибиотик хэрэглэхгүй байх: антибиотик нь өвчин үүсгэгч бактери устгахаас гадна хүний хэвийн бичил биетнүүдийг устгадаг тул зөвхөн эмчийн зөвлөсний дагуу уух 


 

Эх сурвалж: 


Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он