Элэг хамгаалах, шар тайлах бэлдмэлүүд үр дүнтэй юу?
Шарталт буюу архины дараах хам шинж гэж юу вэ?
Согтууруулах ундаа хэрэглэсний дараагаар ядарч сульдах, ам цангах, толгой өвдөх, дотор муухайрах, булчин өвдөх, гэрэл болон дуунд мэдрэг болох, хөлрөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг хам шинжийг шарталт гэдэг. Шарталт нь хүний биед усгүйжилт үүссэний улмаас үүсдэг. Согтууруулах ундаа нь вазопрессин хэмээх дааврын ялгаруулалтыг багасгаснаар бие шингэнээ их хэмжээгээр алддаг. Үүний улмаас ам цангах, ядарч сульдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгүүд нь илэрдэг. Мөн согтууруулах ундаа хэрэглэсний дараагаар хурдан унтдаг хэдий ч, чанаргүй нойр авдаг тул дээрх шинж тэмдгүүдэд мөн нөлөөлдөг. Архи нь ходоодны дотоод давхаргад шууд нөлөөлж ходоодны хүчил ялгаруулалтыг нэмэгдүүлдэг учраас дотор муухайрах шинж илэрдэг.
Элэг хамгаалах, шар тайлах бэлдмэл гэж юу вэ?
Монголын зах зээлд элэг хамгаалах, шарталт арилгадаг бүтээгдэхүүнүүд хэд хэд байдаг. Эдгээр бүтээгдэхүүнд витамин В, С, силимарин, Н-ацетил Л-цистейн болон дигидромирицетин хэмээх идэвхтэй бодисууд хамгийн түгээмэл агуулагддаг. Бүтээгдэхүүнийг элэг хамгаалах, архины задралыг нэмэгдүүлдэг хэмээн сурталчилдаг ч судалгаагаар эдгээр идэвхтэй бодисууд нь аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдгийг батлаагүй байна. Элэг хамгаалах, шарталт тайлах 82 бүтээгдэхүүнийг судлахад түүний 62.2% нь тухайн идэвхтэй бодисын өдөрт авах дээд хэмжээнээс илүү их хэмжээг агуулсан байсан. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө тухайн бүтээгдэхүүний орц, найрлагыг сайтар шалгаж хэрэглэхийг зөвлөдөг.
Согтууруулах ундаа хэрэглэх үед зарим эм, бэлдмэл хэрэглэдэг. Энэ нь зөв үү?
Зарим хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө жоргүй олгох өвчин намдаах эм уудаг ч парацетамол хэрэглэсний дараа архи хослуулан хэрэглэх нь элгэнд хортой, харин аспирин болон ибупрофен нь ходоодны дотор давхаргыг цочроодог тул үр дүн үзүүлэхээсээ илүү хор нөлөөтэй байдаг.
Шарталт арилгах хамгийн үр дүнтэй аргууд юу вэ?
Шарталт арилгах олон аргуудын тухай хүмүүс ярьдаг хэдий ч эдгээр аргуудын аль нь ч судалгаагаар батлагдаагүй байна. Шарталт арилгах хамгийн үр дүнтэй зүйл бол цаг хугацаа юм. Архины бодисын солилцооноос үүссэн хагас задралын бүтээгдэхүүнүүд биеэс гадагшилж, бие усны хэмжээгээ нөхөж авах, гэмтсэн эд эс нөхөн сэргэх, дархлаа тогтолцоо болон тархины үйл ажиллагаа сэргэхэд цаг хугацаа хамгийн чухал нөлөөтэй байдаг.
Эх сурвалж: