Дархлаа гэж юу вэ?
Хүний дархлаа тогтолцоо нь нян, вирүс, мөөгөнцөр, шимэгч зэрэг өвчин үүсгэгч гадны биетүүдээс хамгаалах үүрэгтэй олон эс, эрхтэн, уургуудын нийлбэр цогц тогтолцоо юм. Дархлаа тогтолцоо нь төрөлхийн болон өвөрмөц дархлаа гэж ангилагддаг. Төрөлхийн дархлаа тогтолцоо нь физикийн хоригууд болон дархлааны эсүүдээс тогтдог бол өвөрмөц дархлаа тогтолцоо нь дархлааны эсүүд болон тэдгээрийн үүсгэдэг эсрэг бие хэмээх уургаас тогтдог. Нярай дөнгөж төрсний дараа эхийн сүүгээр иммуноглобулин А хэмээх эсрэг биеийг эхээсээ авдаг тул хүүхэд хамгийн багадаа 6 сар хүртэл хөхний сүүгээр хооллохыг зөвлөдөг.
Хүүхдийн дархлааг дэмжихийн тулд нэмэлт бэлдмэл хэрэглэх шаардлагатай юу?
Зарим тохиолдолд нэмэлт бэлдмэл хүүхдэд шаардлагатай байж болох ч, ихэнх тохиолдолд хүүхдийн хооллолтоор шаардлагатай шим тэжээл, амин дэмүүдийг бүрэн авч болдог. Хүүхэд тань хоолонд дургүй, бага иддэг үед нэмэлтээр витамин хэрэглэвэл зохистой. Нэмэлт витамин хэрэглэх үедээ тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн, судалгаагаар батлагдсан эсэхийг нягталж сонгоорой.
Хүүхдийн дархлааг хэрхэн хоолоор дэмжих вэ?
Хүүхдийн дархлааг дэмжихэд хооллолт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Дараах амин дэм, эрдэс, шим тэжээл агуулсан хүнсийг өдөр тутмын хооллолтод оруулахдаа анхаараарай:
- Д витамины рецептор дархлааны эсүүдийн гадаргууд байдаг тул дархлаа тогтолцоонд чухал үүрэгтэй оролцдог болох нь батлагдсан. Д витаминаар баялаг хоол хүнсэнд загас, мөөг, сүүн бүтээгдэхүүнүүд ордог. Монгол улсын хувьд нарнаас Д витаминыг авах нь хязгаарлагдмал ба Д витаминаар баялаг хоол хүнс өргөнөөр хэрэглэгддэггүй тул нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Хүүхдийнхээ цусан дахь Д витамины хэмжээг шинжлүүлсний дараагаар ямар тунтай уухыг шийддэг. Өдөрт хэрэглэх урьдчилан сэргийлэх тун: 0-6 сартай хүүхдэд 1000 ОУН, 7-12 сартай хүүхдэд 1500 ОУН, 1-3 насанд 2000 ОУН байдаг. Хүүхдийн насанд тохирсон тунгаар хэрэглэхгүй бол витамин, эрдсүүд биед хэт ихээр хуримтлагдах үед түүний дутагдлаас ч илүү аюултай шинжүүд илэрч болдгийг анхаараарай.
- Хүүхдийн дархлаа тогтолцоонд хамгийн чухал үүрэгтэй эрдэс нь цайр байдаг. Цайр нь уураглаг хүнсэнд буюу улаан мах, шувууны мах, хясаа зэрэгт хамгийн ихээр агуулагддаг. Мөн шош, самарт агуулагддаг. Хэрвээ хоол хүнсээрээ шаардлагатай хэмжээгээ авч чадахгүй бол төрснөөс 6 сар хүртэлх хүүхдэд 2мг, 7 сараас 3 нас хүртэлх хүүхдэд 3 мг, 4-8 настай хүүхдэд 5 мг, 9-13 настай хүүхдэд 8 мг тунгаар хэрэглэхийг зөвлөдөг.
- Пробиотик, пребиотик буюу ашигтай бактери нь гэдэсний эрүүл мэндэд чухал шаардлагатай бөгөөд тараг, дарсан ногоо, мисо зэрэгт их хэмжээгээр агуулагддаг.
- Самар, үр тариа нь омега-3, уураг, ислэг, кали, магни зэрэг олон ашигтай шим тэжээл, эрдсүүдийг агуулдаг.
- Жимс, ногоо нь эсийн гэмтлээс хамгаалдаг антиоксидантуудыг ба С витаминыг агуулдаг тул өдөрт хэрэглэх хүнсний тал хувийг эзэлбэл зохистой.
- Харин боловсруулсан хүнс, чихэр, транс өөх тостой хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь дархлаа тогтолцоог сулруулдаг нь судалгаагаар батлагдсан.
Хүүхдийн дархлааг өөр яаж дэмжих вэ?
- Хүүхэд эрүүл байхад нойр маш чухал үүрэгтэй. Хүүхдийн нас болон онцлогоос хамааран өдөрт 10-16 цаг унтах шаардлагатай. Унтаж байх үед хүний бие амарч, нөхөн төлжих боломжтой байдаг.
- Өдөрт дор хаяж 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэх
- Хүүхдийн стрессийг багасгах
- Ариун цэврийг сайн сахиж, гараа зөв ариутгах, угаах тухай зааж, сургах
- Товлолт вакцинууддаа бүрэн хамрагдах
- Эмчид үзүүлэлгүй дур мэдэн эм ялангуяа антибиотик хэрэглэхгүй байх. Антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчинд үр дүнтэй бөгөөд олон эцэг эхчүүд вирүсийн гаралтай халдварын үед антибиотик дур мэдэн хэрэглэдэг. Энэ үед антибиотикийн тэсвэржилт үүсэх аюултай. Мөн эмч антибиотик бичиж өгсөн үед заасан тунгаар, заасан хугацаагаар бүрэн уух нь маш чухал.
Хүүхдийнхээ дархлааг дэмжихийн тулд нэг өдөр нэмэлт бэлдмэл, эм хэрэглэхээс илүүтэй урт хугацаанд зөв зуршлуудыг бий болгож, түүнийгээ мөрдөж дадах нь маш чухал юм.
Эх сурвалж: