Хавдар юунаас болж үүсдэг вэ?
Бидний биеийн эсүүд амьдралын туршид байнга өсөж, хуваагдаж байдаг. Харин эдгээр эсүүд мутацын үед хэт олон хуваагдах үед хавдар үүсдэг. Зарим хүн яагаад хавдраар өвчилж, зарим хүн өвчилдөггүйг тодорхой мэдэх боломжгүй. Гэхдээ судалгаагаар хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг олон хүчин зүйлс байдгийг тогтоосон. Эрсдэлт хүчин зүйлсийг өөрчилж болох зүйлс буюу хүний өөрийн зан үйл болон өөрчилж болохгүй зүйлс буюу нас, хүйс, удамшил гэж хуваадаг. Эдгээр эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх нь хавдраар өвчлөх магадлалыг бууруулдаг боловч огт өвчлөхгүй байна гэсэн баталгаа болохгүй.
Хавдар үүсгэгч ерөнхий эрсдэлт хүчин зүйлс гэж юу вэ?
Зарим төрлийн хавдарт өвөрмөц эрсдэлт хүчин зүйлс байдаг бол ерөнхий эрсдэлт хүчин зүйлс нь бүх төрлийн хавдар үүсэхэд нөлөөлж болзошгүй зүйлс юм. Үүнд:
· Өндөр нас
· Удамшлын өгүүлэмжтэй байх
· Тамхи хэрэглээ
· Таргалалт
· Архины хэрэглээ
· Зарим бактери, вирүсийн халдварууд (хеликобактер, хүний папиллома вирүс, Эпстейн-Барр вирүс гэх мэт)
· Зарим химийн бодисууд
· Туяанд өртөх (нарны хэт ягаан туяа)
Архи хэрэглэх нь ам залгиур, төвөнх, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, элэг, хөх зэрэг 6 төрлийн хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Архи хүний биед орж задрахдаа ацеталдегид хэмээх бодис үүсгэдэг бөгөөд энэ бодис нь ДНХ-ийн гэмтэл үүсгэж, үүний улмаас эсийн хэвийн өсөлт, хуваагдал алдагдаж хавдар үүсгэдэг. Улаан, цагаан вино, пиво, цагаан архи зэрэг бүх төрлийн согтууруулах ундаа нь хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог.
Тамхи хэрэглэх нь давсаг, цус, умайн хүзүү, бүдүүн, шулуун гэдэс, улаан хоолой, бөөр, уушги, гуурсан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, элэг, ам, залгиур, нойр булчирхай, ходоод, төвөнх зэрэг бүхий л эрхтэн тогтолцооны хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог. Бүх төрлийн тамхинд хавдар үүсгэгч 70 гаруй химийн бодис агуулагддаг. Эдгээр бодисуудыг амьсгалах үед цусаар дамжин бүх биеэр тархаж, ДНХ-г гэмтээдэг. Өөрөө тамхи татаагүй байсан ч, эргэн тойрны хүн татах үед дам тамхидалтад өртдөг.
Таргалалт нь улаан хоолой, хөх, шулуун, бүдүүн гэдэс, умай, цөс, ходоод, бөөр, элэг, өндгөвч, нойр булчирхай, бамбай булчирхай, тархи, миелома зэрэг 13 төрлийн хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог. Таргалалттай үед биед удаан хугацааны үрэвсэл явагдаж, инсулин болон бэлгийн дааврууд хэвийнээс өндөр хэмжээтэй байдаг.
Удамшил гэдэг бол таны гэр бүлийн өвчлөлийн түүх бөгөөд гэр бүлийн гишүүдийн генетик, зан үйл, орчин гэх мэт зүйлс ижил байх боломжтой байдаг. Хөх, өндгөвч, умай, бүдүүн, шулуун гэдэсний хавдрууд нь илүүтэй удамших хандлагатай байдаг.
Хавдрын эрсдэлт хүчин зүйлстэй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Тамхи татах, архи хэрэглэх, таргалалт, наранд өртөх зэрэг өөрчилж болох зан үйлүүдээ хязгаарлах нь хийж болох хамгийн эхний алхам. Харин өөрчилж болохгүй эрсдэлт хүчин зүйлс байгаа тохиолдолд тогтмол хавдрын ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ-тээ хамрагдвал зохистой.
Эх сурвалж:
· https://www.cancer.gov/about-cancer/causes-prevention/risk
· https://www.cdc.gov/cancer/risk_factors.htm
· https://www.cancercenter.com/risk-factors
· https://www.mayoclinic.org/diseases-conditions/cancer/in-depth/cancer/art-20044092