Лабораторийн шинжилгээ ямар ач холбогдолтой вэ?
Лабораторийн шинжилгээ нь цус, шээс, өтгөн болон биеийн эд эсийн сорьц ашиглаж шинжилдэг арга юм. Лабораторийн шинжилгээ хийлгэснээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний ялган оношилгоо хийх, онош батлах, өвчний тавилан тодорхойлох, эмчилгээний төлөвлөгөө гаргах зэрэгт чухал ач холбогдолтой байдаг. Эдгээр шинжилгээг хийлгэснээр бие махбод дахь эрхтнүүдийн үйл ажиллагааг хянах боломжтой болдог. Эмчийн бодит үзлэг, асуумж, лабораторийн шинжилгээ болон багажийн шинжилгээг харгалзан үзэж эмч эцсийн оношийг тавьдаг.
Оношилгоо, эмчилгээ хийх эмнэл зүйн шийдвэрийн 70 орчим хувь нь лабораторийн шинжилгээнээс хамаардаг бөгөөд урьдчилан сэргийлэх анагаах ухаанд маш чухал ач холбогдолтой юм. Олон өвчнүүд эрт үедээ зовуурь өгдөггүй тул тогтмол лабораторийн шинжилгээ өгч чадсанаар өвчнийг эрт үед нь оношилж, эмчилгээг эрт эхлүүлэх боломжтой болдог.
Лабораторийн шинжилгээ хийлгэснээр ямар өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
· Чихрийн шижин, ДОХ, цус багадалт, хавдрууд, зүрх судасны эмгэг зэрэг олон төрлийн өвчин эмгэгийг оношлох боломжтой болдог.
· Цусны дэлгэрэнгүй, цус бүлэгнэлтийн шинжилгээ хийснээр цус багадалт, цусны хавдар, цус бүлэгнэлтийн эмгэг, халдвар болон дархлааны эмгэгүүдийг оношлох боломжтой байдаг.
· Шээсний ерөнхий шинжилгээ хийлгэснээр бөөрний эмгэгүүдийг оношлох боломжтой.
· Бодисын солилцооны шинжилгээ хийлгэснээр эрдэс болон зарим уургуудыг шинжилдэг бөгөөд үүгээр бөөрний эмгэг, чихрийн шижин болон дааврын тэнцвэрт бус байдлыг оношлох боломжтой болдог.
· Элэгний үйл ажиллагаа үзсэнээр элэг, цөсний эмгэгүүдийг оношлох боломжтой.
· Бамбай булчирхайн үйл ажиллагаа үзсэнээр дааврын тэнцвэрт бус байдал, бамбайн эмгэгүүдийг оношлох боломжтой.
· Зүрхний биомаркеруудыг үзсэнээр зүрхний эмгэгүүдийг оношлох боломжтой болдог.
· Хавдрын маркеруудыг үзсэнээр олон төрлийн хавдрыг оношлох боломжтой.
Би хэр ойрхон шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?
Олон эмнэлгүүдээс гаргасан зөвлөмжийн дагуу наснаас хамааран хэр ойрхон шинжилгээ өгөх хэрэгтэйг тодорхойлдог:
· 18-39 нас: дор хаяж 5 жил тутамд
· 40-49 нас: 2-3 жил тутамд
· 50 болон түүнээс дээш нас: 1-2 жил тутамд
Насанд хүрэгчид зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэлээс хамааран 5 жил тутамд цусан дахь холестеролоо шинжлүүлж байх шаардлагатай. Цусан дахь холестерол ихсэх нь зүрх судасны эмгэгээр өвчлөх том эрсдэлт хүчин зүйл болдог бөгөөд ихсэх үед хүнд ямар нэг зовуурь өгдөггүй тул шинжилгээгээр л илэрдэг.
30-аас дээш насны эмэгтэйчүүд 3 жил тутамд умайн хүзүүний эсийн шинжилгээ өгснөөр умайн хүзүүний хавдрыг эрт оношлох боломжтой болдог.
Харин дээрх зөвлөмжөөс гадна ойр ойр шинжлүүлэх шаардлагатай тохиолдлууд байдаг. Үүнд:
· Ядарч сульдах, биеийн жин огцом нэмэгдэх, хасагдах, өвдөх зэрэг өвөрмөц зовууриуд тогтмол илрэх үед
· Эрүүл мэнддээ анхаарах зорилгоор цусан дахь өндөр болон бага нягтралт холестеролын хэмжээгээ мэдсэнээр хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөний хуваарь зэргээ тодорхойлох боломжтой.
Эх сурвалж:
· https://www.healthline.com/health/blood-tests#takeaway
· https://labpedia.net/laboratory-tests-indications-and-significance/