Эмч Байгууллага Шинжилгээний хариу
Бидний тухай Нууцлалын бодлого
Нүүр Эмчийн нийтлэл

Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинж

3 312
И Клиник 2 жилийн өмнө

Цэвэршилт гэж юу вэ?

Эмэгтэй хүний сүүлийн сарын тэмдэг ирснээс хойш 12 сар өнгөрөхийг цэвэршилт гэж нэрлэдэг. Цэвэршилт нь өвчин биш бөгөөд биологийн процесс юм. Энэ нь ихэвчлэн 45-55 насанд тохиолддог бөгөөд цэвэрших хүртэлх хэдэн жилд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, огцом халууцах зэрэг шинж илрэхийг цэвэршилтийн өмнөх үе гэж нэрлэдэг. Цэвэршилтийн үед өндгөвчний үйл ажиллагаанд өөрчлөлт орж эстроген дааврын хэмжээ огцом буурдаг. Цэвэршилт явагдсны дараагаас жирэмслэх боломжгүй болдог. Гэхдээ эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй нөлөөлдөг бөгөөд хэдэн наснаас эхэлсэн, яс үндэс, тамхи таталт зэрэг амьдралын хэв маяг зэргээс хамаардаг.

 

Цэвэршилтийн дараах үед зүрхний эмгэг болон ясны сийрэгжилтэд илүү өртөмхий болдог тул энэ үед хооллолт маш чухал бөгөөд кальциар баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг.

 

Цэвэршилтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

·        Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх – сарын тэмдэг богино эсвэл удаан үргэлжлэх, илүү их эсвэл бага хэмжээтэй цус гарах зэргээр өөрчлөгдөж болно. Сарын тэмдэг 12 сараас бага хугацаанд тогтворгүй үед жирэмслэх боломжтой тул жирэмслэхээр төлөвлөөгүй бол хамгаалалттай бэлгийн харилцаанд орох шаардлагатай.

·        Огцом халууцах – ихэвчлэн нүүр, хүзүүгээр илрэх бөгөөд халууцсаны дараа хөлрөх эсвэл чичрэх даарах шинж илэрч болдог. Ихэнхдээ 30 секундээс 10 минут хүртэл үргэлжилдэг

·        Давсагны сулрал – дасгал хийх, найтаах, инээх зэргийн үед шээс хүрэх, дусагнах шинж илэрч болно

·        Нойргүйдэл – унтахад бэрхшээлтэй болох, амархан сэрэх зэрэг

·        Үтрээний хуурайшил – үтрээ хуурайшсаны улмаас бэлгийн харилцаанд ороход таагүй мэдрэмж төрж болзошгүй. Мөн бэлгийн харилцааны дур хүсэл буурах, нэмэгдэх шинжүүд илэрч болно

·        Сэтгэл санааны өөрчлөлтүүд – амархан уцаарлах, бухимдах, гомдох шинжүүд илэрч болно

·        Биеийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх – булчингийн масс багасаж, өөхний хэмжээ ихсэх, арьс нимгэрэх, үе мөч хөших зэрэг шинжүүд илэрч болно.

 

Цэвэршилтийн шинж тэмдгүүдийг хэрхэн багасгах вэ?

Цэвэршилтийн үед эмийн эмчилгээ хийх шаардлагагүй байдаг. Харин амьдралын чанарт нөлөөлөх шинж тэмдгүүдийг багасгах, хүндрэлээс сэргийлэх арга хэмжээ авч болно. Үүнд:

·        Даавар эмчилгээ – богино хугацаанд бага тунгаар эстроген эмчилгээ хийснээр огцом халууцах шинж тэмдгийг бууруулж болох ч удаан хугацааны даавар эмчилгээ нь зүрх судасны эмгэг болон хөхний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тул даавар эмчилгээний эрсдэл болон давуу талыг эмчтэйгээ ярилцах шаардлагатай

·        Үтрээний эстроген – үтрээ хуурайших шинж тэмдгийг багасгахыг тулд үтрээнд тос эсвэл бөгжөөр эстроген оруулж болдог.

·        Бага тунтай сэтгэл гутралыг эсрэг эм – эстроген хэрэглэх боломжгүй үед бага тунтай сэтгэл гутралын эсрэг эмээр огцом халууцах шинжийг бууруулж болдог

·        Д витамин – ясны сийрэгжлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

 

Эрэгтэй хүмүүс цэвэршдэг үү?

Зарим эрэгтэйчүүдэд 40-50 насандаа сэтгэл гутрах, бэлгийн дур хүсэл буурах, бэлэг эрхтний үйл ажиллагаа алдагдах, сэтгэл хөдлөл тогтворгүйжих, булчингийн масс алдагдах, урам зориг энерги багасах, нойргүйдэх, ой санамж муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Харин энэ үед тестостерон хэмээх эрэгтэй дааврын хэмжээ нь эмэгтэйчүүдийнхтэй ижлээр огцом буурдаггүй. 30-40 наснаас эхлэн тестостероны хэмжээ жил тутамд 1%-аар аажим буурдаг байна. Мөн эрүүл байвал ойролцоогоор 80 нас хүртлээ эр бэлгийн эс боловсруулах боломжтой байдаг.

 

Энэ үед эмэгтэйчүүдийн цэвэршлийн адилаар эмийн эмчилгээ шаардлагагүй ч, тестостероны хэмжээ хэт бага байвал даавар орлуулах эмчилгээ хийж болдог. Харин эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, чанартай нойр авах зэрэг нь дээрх шинж тэмдгүүдийг бууруулахад сайн нөлөө үзүүлнэ.

 

 

Эх сурвалж:

·        https://www.nia.nih.gov/health/what-menopause

·        https://www.mayoclinic.org/diseases-conditions/menopause/symptoms-causes/syc-20353397

·        https://www.who.int/news-room/fact-sheets/detail/menopause

·        https://www.nhs.uk/conditions/male-menopause/

·        https://www.mayoclinic.org/healthy-lifestyle/mens-health/in-depth/male-menopause/art-20048056

·        https://www.webmd.com/menopause/male-menopause

 

Бидний тухай Үйлчилгээний нөхцөл Нууцлалын бодлого Мэдээллийн аюулгүй байдал
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. ©2025 он