Хүүхдэдээ хэзээнээс бэлгийн боловсрол олгож эхлэх вэ?
Хүүхдэдээ бэлгийн боловсрол олгож эхлэхэд хэзээ ч эртдэхгүй бөгөөд эртнээс хүүхдэдээ нээлттэй, шударга, найдвартай мэдээлэл олгож, ямар ч үед айж, ичихгүйгээр тантай ярилцаж болно гэдгийг ойлгуулах нь чухал.
Хүүхэд алхаж, ярьж сурч эхлэх үеэс өөрийн биеийн тухай суралцаж эхэлдэг. Хүүхдэд нүүр, гар гэх мэт бүх эрхтний нэршлийг заадаг шиг бэлгийн эрхтнүүдийн зөв нэршлийг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрийн биеийн тухай асуух үед инээж, ичих хэрэггүй. Мөн ямар эрхтнүүдэд хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хүрч болдоггүй, хүрсэн тохиолдолд нуулгүйгээр хэлэх хэрэгтэй гэдгийг ойлгуулах.
Бага насны хүүхдэд хэрхэн бэлгийн боловсрол олгох вэ?
0-2 насанд: усанд орох, хувцсаа солих үед өөрийнх нь бие, эрхтнүүдийн тухай ярилцах
2-3 насанд: хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг харьцуулах
4-5 насанд: өндгөн эс болон эр бэлгийн эс эмэгтэй хүний умайд нийлээд хүүхэд бий болдог тухай тайлбарлах
6-8 насанд: насанд хүрсэн хүмүүс бэлгийн харилцаанд орох үед хүүхэд бий болдог тухай тайлбарлах
9-10 насанд: бэлгийн бойжлын үед биед нь гарах өөрчлөлтүүдийн тухай, тэдгээр нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулах
Өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн харилцааны тухай хэрхэн ярилцах вэ?
Өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн харилцааны тухай ярих нь тав тухгүй мэт санагдаж болох ч, эртнээс ярилцаж хүүхдэдээ зөв ойлголтыг өгч чадсанаар хүүхдийнхээ бэлгийн эрүүл мэндийн суурийг тавьж байгаа гэдгээ бүү мартаарай.
Үе тэнгийнхний дарамт шахалт, сониуч зан, ганцаардал зэрэг нь өсвөр насныхныг эрт бэлгийн харилцаанд оруулахад хүргэдэг. Тиймээс хүүхдэдээ хүлээх нь муу зүйл биш гэдгийг ойлгуулаад, дотно ярилцах, хамт алхах, хөтлөлцөх, цагийг хамт өнгөрөөх, үнсэх, тэврэх зэрэг нь хайр сэтгэлийг илэрхийлэх аюулгүй аргууд гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Өөрийн хүсээгүй зүйлээ хэзээ ч хийхгүй байхыг, үгүй гэж хэлэх тухай, бэлгийн хүчирхийллийн тухай ойлголтуудыг хүүхдэдээ өгөх. Өөрийн бэлгийн чиг хандлага, сонирхолдоо эргэлзэж байвал тэр тухай нь нээлттэй ярилцах.
Хэрвээ хүүхэд тань бэлгийн харилцаанд орж байвал аюулгүй бэлгийн харилцаа, жирэмслэлтээс хамгаалах зэргийн тухай ойлголт өгч, хүрч болохуйц хил хязгаарууд тогтоогоорой.
Эх сурвалж: