Бэлгийн замаар дамжих халдварууд
Бэлгийн харилцааны үеэр хүнээс хүнд дамждаг халдваруудыг БЗДХ гэнэ. Эдгээр нь нян, вирус болон шимэгчээр үүсгэгдэж болдог. Зарим БЗДХ-ууд жирэмслэлт, төрөлт, хөхөөр хооллох болон цус сэлбэлтийн үед эхээс урагт дамжих боломжтой байдаг.
ДЭМБ-ийн мэдээллээр дэлхий даяар өдөр бүр 15-49 насны хүмүүс дунд ойролцоогоор 1 сая гаруй бэлгийн замаар дамжих халдвар тархдаг байна. 2022 оны байдлаар дэлхий даяар 15-49 насны тэмбүүгийн халдвартай хүн ойролцоогоор 8 сая гаруй байсан. Харин Херпес симплекс вирус-2 (HSV-2) халдвартай хүн ойролцоогоор 520 сая байсан.
Монгол улсад 2025 оны байдлаар дараах БЗДХ-ууд тэргүүлж байна
- Тэмбүү
- Гонококкын халдвар
- Трихомониаз
Бэлгийн замаар дамжих халдваруудын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
БЗДХ-ууд ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг бөгөөд шинж тэмдэг илэрвэл өвөрмөц бус шинж тэмдгүүд илэрдэг.
- Үтрээ болон шодойноос хэвийн бус шүүрэл ялгарах
- Бэлэг эрхтэн орчмоор тууралт гарах
- Шээх үед хорсох, өвдөх
- Бэлэг эрхтэн орчмоор улайх, загатнах
- Ам орчим тууралт, цэврүү гарах
- Үтрээ, шодойноос хэвийн бус үнэр гарах
- Шулуун гэдсээр загатнах, өвдөх, цус гарах
- Хэвлийгээр өвдөх
- Халуурах
- Тунгалгийн булчирхай томрох
- Их бие болон мөчдөөр тууралт гарах
Бэлгийн замаар дамжих халдваруудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Бэлгийн харьцаанд орохын өмнө хамтрагчтайгаа БЗДХ-ын шинжилгээ өгөх
- Бэлгийн харьцаанд орох бүрт бэлгэвч хэрэглэх
- Бэлгийн хамтрагчийн тоог цөөлөх
- Хүний папиллома вирус болон Гепатит В вирусын эсрэг вакцинд хамрагдах
- Согтууруулах ундаа болон мансууруулах бодисоос татгалзах
Эх сурвалж:
- https://hdc.gov.mn/media/files/health%20indicators%2020251015.pdf
- https://medlineplus.gov/sexuallytransmittedinfections.html
- https://www.mayoclinic.org/diseases-conditions/sexually-transmitted-diseases-stds/symptoms-causes/syc-20351240
- https://www.who.int/news-room/fact-sheets/detail/sexually-transmitted-infections-(stis)