Дэлүү томрох /Splenomegaly/
1. ДЭЛҮҮ ТОМРОХ ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлүү нь хэвлийн зүүн дээд хэсэгт, зүүн хавирганы доор байрладаг эрхтэн юм.
Дэлүү нь:
- Хуучирсан, гэмтсэн цусны эсийг шүүж зайлуулах,
- Дархлааны үйл ажиллагаанд оролцох,
- Цусны зарим эсийг нөөцлөх зэрэг чухал үүрэгтэй.
Дэлүү хэвийн хэмжээнээс томрохыг дэлүү томрох (splenomegaly) гэж нэрлэдэг.
2. ЯМАР ШИНЖ ИЛЭРЧ БОЛОХ ВЭ?
Зарим хүнд дэлүү томорсон ч ямар нэгэн зовиур илрэхгүй байж болно.
Харин дараах шинжүүд илэрч болно:
- Зүүн хавирганы доогуур өвдөх, хүнд оргих
- Хэвлий дүүрсэн мэт санагдах
- Бага хэмжээний хоол идээд хурдан цадах
- Ядарч сульдах
- Цус багадалтын шинж илрэх
- Амархан хөхрөх, цус гарах
- Халдварт өртөмтгий болох
3. ДЭЛҮҮ ТОМРОЛЫН 4 ЗЭРЭГ
Эмнэлзүйн үзлэг, тэмтрэлтээр 4 зэрэгт ангилсан байна.
- I зэрэг: Зүүн хавирганы нумаас доош тэмтрэгдэнэ
- II зэрэг: Хүйс хүртэл томорно
- III зэрэг: Дэлүүний доод хязгаар хүйснээс доош орно
- IV зэрэг: Дэлүүний доод хязгаар бага аарцгийн хөндийд хүрнэ
Анхаарах нь: Энэ нь эмчийн үзлэгт тулгуурласан ангилал. Дэлүүний хэмжээ, бүтцийг шаардлагатай үед хэт авиа, КТ зэрэг дүрс оношилгоогоор давхар үнэлнэ.
4. ДЭЛҮҮ ЯАГААД ТОМОРДОГ ВЭ?
Дэлүү томрох нь өөрөө бие даасан өвчин биш. Харин өөр өвчин, эмгэгийн үед илэрч болох шинж юм.
Дэлүү дараах механизмаар томорч болно:
- Дэлүүнд цус ихээр хуримтлагдах
- Цусны эсүүд хэт их задрах
- Дархлааны үйл ажиллагаа идэвхжих
- Хэвийн бус эсүүд дэлүүнд хуримтлагдах
- Чөмөгнөөс гадуур цус үүсэлт явагдах
5. ГОЛ ШАЛТГААНУУД
Халдвар
- Халдварт мононуклеоз
- Вируст гепатит
- Сүрьеэ
- Хумхаа
Элэг болон үүдэн венийн эмгэг
- Элэгний хатуурал
- Үүдэн венийн даралт ихсэлт
- Үүдэн венийн тромбоз
- Дэлүүний венийн тромбоз
Цусны өвчин
- Лейкеми
- Лимфома
- Миелофиброз
- Бусад миелопролифератив өвчин
Цусны улаан эс задрах өвчин
- Талассеми
- Удамшлын сфероцитоз
- Аутоиммун гемолитик цус багадалт
Дархлаа, үрэвслийн өвчин
- Системийн улаан чонон яр
- Ревматоид артрит
- Саркоидоз
Дэлүүний өөрийн өвчин
- Дэлүүний уйланхай
- Дэлүүний буглаа
- Судасны эмгэг, тромбоз
- Дэлүүний хоргүй болон хорт хавдар
- Ховор тохиолдолд бусад хавдрын үсэрхийлэл
6. ШАЛТГААНЫГ ХЭРХЭН ТОГТООДОГ ВЭ?
Дэлүү томорсон гэдгээр дангаар нь шалтгааныг тогтоох боломжгүй.
Эмч шаардлагатай тохиолдолд:
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Захын цусны түрхэц
- Элэгний үйл ажиллагааны шинжилгээ
- Халдварын шинжилгээ
- Хэвлийн хэт авиан шинжилгээ
- Компьютер томографи
- Цус судлалын нэмэлт шинжилгээ
- Зарим тохиолдолд ясны чөмөгний шинжилгээ хийж үндсэн шалтгааныг тодруулна.
7. ДЭЛҮҮ ТОМОРСОН ҮЕД ЮУ АНХААРАХ ВЭ?
Дэлүү томорсон үед хүчтэй доргилт, цохилтоор гэмтэх эрсдэл нэмэгдэж болно.
Тиймээс:
- Хэвлийд цохилт авах эрсдэлтэй спортоос зайлсхийх
- Уналт, осол гэмтлээс болгоомжлох
- Дур мэдэн эмчилгээ хийхгүй байх
- Эмчийн зөвлөсөн хяналт, шинжилгээнд хамрагдах нь чухал.
8. ХЭЗЭЭ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДАХ ВЭ?
Дараах шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж аваарай:
- Зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй өвдөх
- Өвдөлт зүүн мөр рүү дамжих
- Толгой эргэх, ухаан балартах
- Царай цонхийх, хүйтэн хөлс гарах
- Хэвлийн гэмтлийн дараа өвдөлт үүсэх эсвэл нэмэгдэх
Эдгээр нь дэлүү гэмтэх, урагдах, дотуур цус алдахтай холбоотой байж болно.
САНАМЖ
Дэлүү томрол бол өвчний нэр биш, харин өөр өвчин, эмгэгийн үед илэрч болох шинж юм.
Тиймээс дэлүү томорсон тохиолдолд зөвхөн хэмжээг нь бус, үндсэн шалтгааныг нь тогтоох нь хамгийн чухал.
Эх сурвалж
- Цус сурах бичиг. “Дэлүү томрох (Splenomegalia)” хэсэг, 18-р хуудас.
- Merck Manual Professional Edition. Splenomegaly.
- Mayo Clinic. Enlarged spleen (splenomegaly): Symptoms and causes.