Цагаан эсийн тоо багасах, халдварын эрсдэл ба сэргийлэлт
Цагаан эс ямар үүрэгтэй вэ?
Цагаан эс нь хүний дархлааны тогтолцооны чухал хэсэг бөгөөд бие махбодыг нян, вирус болон бусад халдвараас хамгаалахад оролцдог.
Цагаан эсийн нэг төрөл болох нейтрофил нь ялангуяа бактерийн болон мөөгөнцрийн халдварын эсрэг хамгаалалтад чухал үүрэгтэй.
Цусан дахь нейтрофилийн тоо цөөрөхийг нейтропени гэж нэрлэдэг. Нейтрофилийн тоо буурах тусам халдвар авах болон халдвар хүнд хэлбэрээр явагдах эрсдэл нэмэгдэнэ.
Цагаан эсийн тоо яагаад цөөрдөг /лейкопени/ вэ?
Цагаан эс, ялангуяа нейтрофил цөөрөх олон шалтгаантай. Тухайлбал:
- Хими эмчилгээ болон хавдрын зарим эмчилгээ
- Лейкеми, лимфом болон ясны чөмөгт нөлөөлөх бусад өвчин
- Зарим вирусийн халдвар
- Зарим эмийн гаж нөлөө
- Дархлааны тогтолцооны зарим өвчин
- В12 аминдэм, фолат болон зарим шим тэжээлийн дутагдал
Хими эмчилгээ нь хурдан хуваагддаг хавдрын эсүүдийг устгахын зэрэгцээ цусны цагаан эс үүсгэдэг эрүүл эсүүдэд нөлөөлж болно. Үүний улмаас дархлааны хамгаалалт суларч, халдварын эрсдэл нэмэгддэг.
Халдварын ямар шинж тэмдгийг анхаарах вэ?
Цагаан эсийн тоо цөөрөх үед халдварын шинж тэмдэг ердийн үеийнхээс бүдэг илэрч болох бөгөөд заримдаа халууралт халдварын цорын ганц шинж байж болно.
Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай:
- 38°C ба түүнээс дээш халуурах
- Даарч чичрэх, ихээр хөлрөх
- Шинээр ханиалгах эсвэл ханиалга нэмэгдэх
- Амьсгаадах
- Хоолой өвдөх
- Амны салстад шарх гарах
- Шээхэд хорсох, өвдөх
- Суулгах, бөөлжих
- Арьс улайх, хавдах, өвдөх
- Шарх болон судасны гуурс, порт орчим улайж хавдах
- Хэвлий өвдөх
- Шинээр хүчтэй өвдөлт үүсэх гэх мэт
⚠️ ХЭЗЭЭ ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДАХ ВЭ?
Хими эмчилгээ хийлгэж байгаа хүн 38°C ба түүнээс дээш халуурвал яаралтай эмчтэйгээ холбоо барих шаардлагатай.
Нейтропенитэй үед халдвар богино хугацаанд хүндэрч, сепсис зэрэг амь насанд аюултай хүндрэлд хүргэж болно. Иймээс халуурсан үед “өөрөө буух байх” гэж хүлээж болохгүй.
Халууралт бууруулах эм дур мэдэн ууснаар халууралтыг түр дарах боловч халдварын үндсэн шалтгааныг далдлах боломжтой тул эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах нь зүйтэй.
Халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
1. Гараа тогтмол угаах
Гараа савантай усаар сайтар угаах нь халдвараас хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг юм.
Өвчтөнтэй хамт амьдардаг гэр бүлийн гишүүд мөн гарын ариун цэврийг сайн сахих хэрэгтэй.
2. Өвчтэй хүнтэй ойр хавьтахаас зайлсхийх
Ханиад, томуу болон бусад халдварт өвчний шинжтэй хүнтэй ойр харьцахаас аль болох зайлсхий.
3. Ам, арьсны ариун цэврийг сайн сахих
Амны хөндий, арьс болон шарх гэмтлийг тогтмол ажиглаарай. Улайх, хавдах, өвдөх зэрэг шинж илэрвэл эмчид мэдэгдэнэ.
4. Хоол хүнсний аюулгүй байдлыг хангах
Хоол хүнсээ сайтар угааж, зөв хадгалж, бүрэн болгож хэрэглэх нь халдварын эрсдэлийг бууруулахад тустай.
5. Цусны шинжилгээгээ эмчийн зааврын дагуу хийлгэх
Нейтропени нь өөрөө тодорхой шинж тэмдэг өгөхгүй байх боломжтой тул цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр цагаан эс болон нейтрофилийн тоог хянадаг.
6. Антибиотикийг дур мэдэн хэрэглэхгүй байх
Антибиотикийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Халуурсан үед гэрт байсан антибиотикийг дур мэдэн эхлүүлэх нь зөв оношилгоо, эмчилгээг саатуулах эрсдэлтэй.
Хими эмчилгээний үед хэзээ халдварын эрсдэл өндөр байдаг вэ?
Зарим төрлийн хими эмчилгээний дараа цагаан эсийн тоо ойролцоогоор 7–12 дахь хоногт хамгийн бага түвшинд хүрэх нь түгээмэл байдаг.
Гэхдээ энэ хугацаа нь хэрэглэж буй эмчилгээний төрөл, тун болон тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан өөр байж болно. Тиймээс өөрийн эмчлэгч эмчээс “Миний цагаан эс хэзээ хамгийн бага болох магадлалтай вэ?” гэж асуух нь чухал.
САНАМЖ
Цагаан эсийн тоо цөөрөх үед халдвар хурдан хүндэрч болно.
Халууралт нь халдварын анхны, заримдаа цорын ганц шинж байж болно.
Хими эмчилгээ хийлгэж байгаа бол:
38°C ба түүнээс дээш халуурвал яаралтай эмчид хандана.
Өөрөө онош тавих, антибиотик болон халуун бууруулах эмийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийж, эмчийн зөвлөгөөг дагаарай.
Эх сурвалж
- U.S. Centers for Disease Control and Prevention (CDC). Neutropenia and Risk for Infection. Updated February 13, 2025.
- CDC. Information for Patients Who Are Getting Chemotherapy. Updated August 25, 2025.
- CDC. Watch Out for Fever. Reviewed November 14, 2024.
- American Cancer Society. Low White Blood Cell Counts (Neutropenia).
- American Cancer Society. Fever and Infections.